Монгол Улсын Итгэмжлэлийн тогтолцооны үндэс суурийг тавилцсан, Монголын Итгэмжлэлийн байгууллагын анхны дарга, өдгөө 81 насыг зооглож буй Дашийн Сүрэндулам Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнагдаж, хөдөлмөр зүтгэлээ төрд үнэлүүллээ. Төрийн дээд одонг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хүндэтгэлтэйгээр гардууллаа.
Д.Сүрэндулам нь
1967 онд ЗХУ
(тухайн үеийн нэрээр)-ын Свердловск хотын Уралын Политехникийн дээд сургуулийг төгсөж, эмийн инженер, технологич мэргэжил эзэмшсэн
1967-1977 онд Эмийн заводод цехийн дарга, инженер технологич, ерөнхий инженер
1977-1995 онд Үнэ стандартын улсын хороонд эрдэм шинжилгээний ажилтан, фондын эрхлэгч, секторын эрхлэгч, хэлтсийн дарга
1993-1997 онд Улсын сорилт туршилтын албаны дарга, улсын байцаагч, газрын орлогч дарга
1981 оноос лабораторийн шинжилгээний чанарыг шалгах, химийн стандартчилсан загварыг зохион бүтээх ажлыг хариуцан гүйцэтгэж байсан нь өнөөгийн Геологийн судалгаа шинжилгээ, эрдсийн салбарт өргөнөөр хэрэглэж буй 120 гаруй эталоныг хөгжүүлэх үндэс суурийг тавигдсан байна.
Түүнчлэн “Үйлдвэр аж ахуйн газрын дэргэдэх химийн шинжилгээний лабораториудыг аттестатчилах аргачилсан түр заавар”-ыг боловсруулсан нь өнөөгийн лабораторийн Итгэмжлэлийн үйл ажиллагааны үндэс суурь болсон ба энэхүү зааврын дагуу Хүнс, эрдэс баялгийн салбарын лабораториудыг анх удаа аттестатчилах ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлсэн нь өргөжин тэлж, өнөөдөр 300 гаруй сорилтын лабораторийн чадавх олон улсын жишигт нийцэн, итгэмжлэгдээд байна.
Дашийн Сүрэндулам нь Монгол Улсын Итгэмжлэлийн тогтолцооны үндэс суурийг бий болгох, өнөөгийн Итгэмжлэлийн байгууллагын хөгжлийн эхийг тавихад үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяатай ахмад юм.